2018-08-16 02:13 am

ШХАБ ба Монгол Нийтлэл

 Бидний сайн мэддэг өрнө дорны орнуудын Хятадыг үзэх үзэл мэдэгдэхүйц өөрчлөгдөж байх шиг байна. Өнөөгийн Хятад оронд бол өөр өнцгөөр харах нөхцөл байдал ч цаг нар аль хэдийн бий болсон бололтой. Хүн төрөлхтний соёл иргэншилд багагүй нэмэр нээлт, хийж чадсан агуй их ард түмэн яах аргагүй бол өнөөгийн Хятад бөлгөө. Үүнийг сөрөг, эерэг улс төр судлаачид  ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн. Өнгөрөгч арваад зууны турш зүг чигээ ололгүй онхол донхол бүхнийг туулаад ирсэн санаа муутайд тооцогддог эл их гүрэн явсаар л энэ зууны эхэнд хөгжлийнхөө цоо шинэ замыг олчхоод байгаа.

Зөвлөлт Холбоот Улс задарсантай яг эн зэрэгцэн хөл дээрээ тэнцэн ядан байж өндийж босож эхэлсэн дорно зүгийн  Их Наран улс өнөө улс төрийнхөө өнгө аясыг өрнийнхний  эсрэг чиглүүлж чадлаа. Их Хятадын сэргэлт гэдэг нь чухам л энэ л байдаг байх даа. Посткомунист гэгддэг хуучин Зөвлөлтийн 15 улс задарч хуучин нуранги доороос босч ирэхдээ юуны түрүүнд үсрэнгүй хөгжлийнхөө замд орсон шинэ Хятадыг олж хараад ёстой л нэгийг бодож хоёрыг тунгаасан нь илт.

ЗХУ-аас тасарсан тусгаар улсууд эхэндээ Тусгаар Улсын Хамтын Нийгэмлэг (ТУХН) гэгчийг бий болгох гэж махарсаар байв. Тэдэнд ЗХУ-ын орон зайг бөглөх том гүрэн хэрэгтэй байсан. Тэрхүү их хувь заяа өнөөгийн Хятадад ногдож. Түүхэн эргэлтийн онцлог бүхий нэгэн зам зурайж эхлэв. Ингээд ТУХН-ийн удирдлагууд нийлж мухардлаас гарах арга замын эрэлд  хатаж. Өрх тусгаарласан тэдэнд нэгэнт олж авсан тусгаар тогтнолоо хадгалж барьж байхын тулд нэн тэргүүнд хил хязгаарыгаа амгалан тайван байдлыг анхаарлын төвд байлгах нь нэн тэргүүний зорилт байлаа. Хятад бол ТУХН-ийнхэн хувьд “хонгилын үзүүрт сүүмэлзэх гэрэл байлаа”. Нэг л мэдэхэд эдгээр орнууд бүгдээрээ шахуу  Хятад руу хошуурч эхлэв. Казахстан, Киргизстан, ОХУ, Тажикстаны удирдлагууд өөрсдийнхөө шинэ хил хязгаарын асуудлаар санал солилцохоор Минск хотыг зорих нь тэр. Ерөөсөө Маркс Мао хоёрын хоосон үзэл суртлаас ханатлаа амсаж зовлонгыг нь эдэлсэн Хятадуудын хувьд энэ бол бурхны хишиг байсан. Хятадууд бол Дэн Сяопин багшийнхаа заасан замаар чөлөөт зах зээлийн замд орж дэлхийд “нэг бүс нэг Хятад” гэсэн Гео улс төрийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн эхэн үед Евразийн тусгаар орнууд бий болсон нь сонирхол татаж байлаа.

Минскийн хэлэлцээр амжилттай явагдаж дууссан боловч ерөөс юманд хянуур ханддаг Хятадууд 1996 он хүртэл яарамгүй бүх зүйлийг нарийн хэмжиж байж баахан удав. Тэгж ингэж 1996 оны 4-р сарын 26-нд Шанхай хотод Казахстан, Киргизстан, ОХУ, Тажикстан 4 улсын удирдагчид Хятадтай хилийн дагуух байршил бүхий цэргийн тоог багасгахыг хэлэлцэж итгэлцлийг бэхжүүлэх баримт бичигт гарын үсэг зурснаар дэлхийн талын гео улс төрийн бодлогод өөрчлөлт гарч эхэлсэн. Түүхэн үеийн энэ хэлэлцээр бол дэлхийн улс төр дипломатын их үйл хэрэгт эхлээд түр зуурын шинжтэй байснаа явцын дунд түр зуурын гэхээсээ илүүтэйгээр хөрш орнуудын хилийн зурваст бий болсон эсрэг тэсрэг байр сууриудыг зохицуулан зогсоож чадсан нягт бодлого байлаа.

ТУХН-ийн орнуудын гео улс төрийн бодлогын шинэ хандлага ийм шинээр үүсэж бий болов. Энэ бол ШХАБ-ын “Шанхайн тав”-ын үүсэл байлаа.

 

За ингээд “Шанхай тав”-ын удирдагч  нар үүнээс  жилийн дараа буюу 1997 оны 4-р сарын 24-нд Москвад уулзаж хил хязгаарын ойролцоох байршилтай Зэвсэгт Хүчнүүдийнхээ тоог багасгах тохиролцоонд хүрч чадсан. Хэлэлцээрийн  үр дүн 2 жилийн дараа буюу 1999 оны 8-р сарын 6-наас тун амжилттай хэрэгжижээ. ШХАБ-ын хамгийн эхний бөгөөд хамгийн оновчтой үйл ажиллагаа ийм л журмаар замнасан.

Монгол улс бол эдгээр үйл явцыг улс төрийн өнцгөөс ажилж ажиглагчийн байр сууринаас харж алсаас хянаж байсан. 1998 оны 7-р сарын 3-нд ШХАБ-ын дээд удирдлага Алматад уулзаж хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Энэхүү мэдэгдэлд “...шаардлагатай бол оролцогч орнуудын шинжээчид, Гадаад харилцааны сайд нар, Засгийн Газруудын тэргүүнүүдийн хэмжээнд аливаа асуудлыг өргөнөөр хэлэлцэж байхыг уриалан” тунхагласан.

Дэлхийд нэн үнэн мэдээ түгээдэг нэртэй “Чайна Дэйли” мэдээллийн агентлагаас дурдахдаа; Хятад, ОХУ, Тажикстан, Киргиз, Казахстаны удирдлагууд 1996 оноос ШХАБ нээгдсэнээс хойш зэвсэглэлийг хянах, худалдан борлуулах хүрээг хамтын ажиллагааны хэмжээнд хүртэл өргөжүүлж буйг зориуд тэмдэглэсэн.

Дэлхийн нэр хүндтэй зарим хэвлэл мэдээллүүд ШХАБ-ыг “Цэргийн алянс” болж магадгүй гэсэн болгоомжлолыг яаран түгээсээр байв. Хамгийн гол нь ШХАБ-ын хувьд бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх оролцогч орнуудын хувьд үл ойлголцох асуудал гарвал түүнээс урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулна гэдэгт итгэлтэй байсан.

Хил хамгаалах асуудал бол олон улсын харилцааны хамгийн нарийн төвөгтэй эмзэг асуудал байсан нь тус байгууллагын анхаарлыг зүй ёсоор татсан байж магадгүй. Мэдээжийн хэрэг хил орчмын маргааныг тойрсон асуудал ихэнх нөхцөлд зэвсэгт халдлагад хүргэх аюултайг урьдчилан ухаарсан хэрэг биз ээ.

Хил орчмын маргааныг эв зүйгээр шийдэх нь ШХАБ-ын хамгийн дэвшилтэд алхам байсан нь энэ юм л даа. Ер нь ШХАБ-ын эл амжилт нь Дундад Ази төдийгүй бүхэл бүтэн Ази тивийн аюулгүй байдал  хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж харилцаа нь улам бүр тэлж байгааг дэлхий нийт мэдрэхэд хүрсэн юм.

 Түүний нэг тод жишээ бол 2000 оны 3-р сарын 13-17-нд оролцогч орнуудын цэргийн шинжээчдийн анхны уулзалт байсан бол нөгөө нэг уулзалт нь 2000 оны 3-р сарын 29-нд болсон оролцогч орнуудын Батлан хамгаалах яамны сайд нарын уулзалт байлаа.

ШХАБ терроризм эсрэг зэвсгийн наймаа, хар тамхины панзны (контрабанд) эсрэг хамтран тэмцэх арга ажиллагааны төлөвлөгөөг дээрх хоёр уулзалтын үеэр хэлэлцэж баталсан нь тухайн үеийн содон явдал байлаа. Дэлхий нийтийн анхаарлыг гоц татсан асуудал өрнөж байхад Монгол улс үүний аль талд байсан бол оо гэсэн бодол төрдөг.

Өнөө “Титэм үг” хэлхэж суудаг “хийгүй” Н.Багабанди, дэлхийн соёл утга зохиолын мэдрэмж бүхий “оймс” Н.Энхбаяр нар Монгол улсын гадаад бодлогыг тодорхойлцгоож байсан биш үү.

Тухайн үед Монгол улсын парламентийн суудлын бараг 98% нь нэг намын эрх мэдэлд төвлөрөлч байсныг бодоход манай улсын гадаад харилцааны бодлого чухам  юунд чиглэгдэж байсныг тааж болох ч бас ч хэцүү үе байсан шиг байна.

“Шанхайн тав” хэмээх байгууллага дэлхийн газар нутгийн тавны нэгийг эзэлсэн агаад дэлхийн улс төрийн тавцанд маш хүчтэй бодлогоороо түрэн орж ирж бүрэлдэж байжээ. Ер нь манай улс үүнтэй зэрэгцэн ямар бодлого барьж байсан нь тийм тодорхой бус.

ШХАБ-доо Монгол улсыг эгнээндээ нэгтгэх талаар удаа дараа асуудал хөндөж байсан гэлцдэг. ТУХН-ийн хамгийн тэрс үзэл гэх Узбекстан улсын ерөнхийлөгч Ислам Каримов хүртэл өргөдлөө барьж ирээд ШХАБ-ын 6 дахь суудлыг эзлэн тухалсан үе саяхан билээ.

ТУХН-ийн хамгийн тэрс үзэл гэх Узбекстан улсын ерөнхийлөгч Ислам Каримов хүртэл өргөдлөө барьж ирээд ШХАБ-ын 6 дахь суудлыг эзлэн тухалсан үе саяхан билээ.

Узбекстан нь 2001 оны 4-р сарын 28-нд Москвад болсон оролцогч орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтанд ШХАБ байгууллагад элсэхээ илэрхийлж тайлбарлаж суусныг “ОРТ” дамжуулж байсан. Хожимдожсон ч Ислам Каримов зориг гаргаж ШХАБ-ыг таалсан. Ийнгээд Узбекстан орж ирснээс хойш “Шанхайн тав” нэрээ өөрчлөх гэж бас л Казахстан, Хятад, Киргиз, ОХУ, Тажикстан, Узбекстаны ерөнхийлөгч нар Хятадын хамгийн дээд зэрэглэлийн “Сицяо” зочид буудалд хуран цуглаж “Шанхайн тав” хэмээх нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан байгууллагынхаа нэрийг “ШХАБ” болгож Узбекстаныг ШХАБ-д гишүүнээр батламжлах тунхаг бичигт гарын үсэг зурсан. Узбекстан бол ШХАБ-д элссэнээр хэзээ нэгэн цагт өөрийн эх орондоо аюул учруулж болох олон улсын терроризмын аюулаас зайлж чадсан байж магадгүй. ШХАБ бий болсон түүх ийм энгийн.

2001 оны 6-р сарын Азийн тэргүүлэх 6 орны нэгдсэн эвсэл дэлхий нийтэд  ил гарч ирлээ гэж дэлхийд нэртэй хэвлэл мэдээллийн байгууллагууд уралдан бичиж байлаа.

Тэр жилдээ Шанхайн уулзалтанд Хятад, ОХУ тэргүүлж АНУ-ийн пуужингийн довтолгооноос хамгаалах (Про-2) системийг бий болгохыг зорьсон. Москвагийн тэрхүү уулзалтанд БНХАУ-ын дарга Зян Зэмийн Оросын ерөнхийлөгч Владимр Путин нар талаар хамтарсан мэдэгдэл гаргаж байсан. Пуужингийн довтолгооноос хамгаалах ШХАБ-ын хаалт бол бас л их зоримог алхам байлаа гэлцэн.. 2001 оны 6-р сарын энэ уулзалтаар ШХАБ-ын зорилго зорилтыг сепаратизм, экстремизм, терроризмын эсрэг бүх хүчээ нэгтгэв. Уг асуудлаар “Шанхайн конвенц” хэмээх тунхаг бичиг ч гарсан. Тунхаг бичгийн  гол үзэл санаа бол бүс нутгийн аюулгүй байдалд чухал болохыг онцолсон.

 Бүс нутгийн аюулгүй байдал манай улсад маш их хэрэгтэйг хэн бүхэн мэдэж байгаа. Монгол улс бол Гадаад бодлогынхоо зарчмыг “Олон тулгууртай байна” хэмээн тодорхойлсон байдаг шүү дээ. Дэлхий нийтэд үтэр түргэн тархсан эдгээр мэдээлэлд ШХАБ энх тайвнаар зэрэгцэн орших тогтвортой байдлыг эрхэмлэх, эдийн засаг болон худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагааг нээх шинэ алхам бий болгосныг дурдах нь илүүц юм.

Цуврал уулзалтуудад оролцох ШХАБ-ын 6 улсын Ерөнхийлөгчид Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайд нартай хүрээнд байдаг нь анхаарлыг татдаг. ШХАБ-ын тунхагын төсөл 4 хэсгээс бүрдэж байлаа. Товчоор хэлбэл бүс нутгийн аюулгүй байдал оролцох 6 орны нэгдмэл байдлын илэрхийлэл болж байж дээ. Мөн эл тунхаглалд “ШХАБ бол аливаа улс гүрнүүдийн эсрэг чийглэгдэхгүйг” тунхаглаж өгсөн нь бусад улс орнуудын анхаарлыг татсан. Өөрөөр хэлбэл Үндэстнүүдийн Байгууллагуудын Хартын зарчмуудаас ШХАБ хазайхгүйг сануулсан хэрэг байлаа. Түүнчлэн дэлхий нийтэд ШХАБ ардчилсан, нээлттэй, улс төрийн болон эдийн засгийн дэг журам тогтоохыг зорьж болохыг илтгэн харууллаа.

ШХАБ-ын энэхүү улс төрийн бодлогын өнгө аясыг АНУ тэргүүтэй барууны их долоо дэмжээгүй ч буруутгаагүй.  Дашрамд сануулахад ШХАБ-д оролцогч 6 улс дэлхийн бүс нутгийн Евразийн 30 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамарсан 1,5 тэрбум хүн амтай дэлхийн томоохон байгууллага болж чаджээ. ОХУ ШХАБ-ын үйл ажиллагааг бүх талаараа дэмжиж байхад,  Казахстан улсын байр суурь бол ШХАБ бол зөвхөн улс төр эдийн засгийн төдийгүй экологийн болон хүмүүнлэгийн асуудалд анхаарал хандуулах учиртайг мэдэгдэж байсан. Нурсултан Назарбаев бол ШХАБ нь олон улсын, бүс нутгийн бусад байгууллагуудтай хамтрах ба Зүүн Өмнөд Азийн улсуудын ассоциаци - (АСЕАН) тай харилцан хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэгдэх нь зөв гэж үзэж байв. Киргизстан улс бол Афганстаны иргэний дайныг зогсооход анхаарлаа хандуулахыг уриалж байсан бол Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон ШХАБ-ын итгэлцлийн улам бэхжүүлэхээр онцолж байсан. Дараагаар нь ШХАБ-ын эдийн засгийн худалдааны асуудлууд гол гол чиглэлүүд Казахстаны Астанад уулзахдаа оролцогч улсуудын Гадаад харилцааны болон Батлан хамгаалахын сайд нарын хүрээнд өргөн хэлэлцэгдэж байв. Мөн оролцогч орнуудын соёлын асуудлыг Хятадын нийслэл Бээжинд, онцгой байдлын талаар ОХУ-ны нийслэл Москвад цаг алдалгүй уулзаж санал солилцож байдаг. Оролцогч орны Батлан хамгаалах яамны сайдууд пуужингийн довтолгооноос хамгаалах 1972 оны хэлэлцээрийн хүрээнд өөрсдийн үйл ажиллагааг нэгэн зорилго руу чиглүүлдэг.

Монгол улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаатай байх” явдлыг гадаад харилцааны тэргүүлэх чиглэл гэж тодорхойлсон байдаг. Түүнчлэн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа “Хөрш хоёр орондоо тэнцвэртэй харилцана” гэж заасан. 

ШХАБ-д нөлөө бүхий ОХУ, БНХАУ-ын бодлогод хүндэтгэлтэйгээр нэгдэн орох цаг нь манай улсын хувьд яг одоо болсон гэдэгт олон судлаачид санал нийлдэг. Тухайн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Холын Америк ойртов”, “Америк нь Монголын хамгийн том түншийн нэг” гэж бичиж байсан. Тийм ч байж магадгүй. Гэхдээ Монгол улс хоёр хөршөөсөө холдож явах нь юу л бол?! Тусгаар тогтнол аюулгүй байдлыг улс төрийн аргаар сахин хамгаалах, улс төрийн ардчилал эдийн засгийн эрс шинэчлэлийг бэхжүүлэхийн тулд ШХАБ яг одоо ус агаар шиг хэрэгтэй юм шиг.

ШХАБ-ын орнууд итгэлцэл, сайн хөршийн, найрамдалт хамтын ажиллагааг дэмжих, тэтгэх, гүнзгийрүүлэх бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тэгтэй тэрэнгүй идэвхтэй нөлөөтэй байгаа шүү дээ. Хүйтэн дайны дараа энхийн төлөөх хөгжил рүү чиглэсэн түүхэн үүргийг манай улс гадаад бодлого үндэсний аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангах цаг нь нэгэнт болжээ гэж дахин сануулмаар ч юм уу даа. 

Жишээлбэл, 1996 онд анх Шанхайд 5 улсын түүхэнд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан “Хилийн дагуух цэргийн хамтын итгэлцлийг бэхжүүлэх тухай” хэлэлцээр, 1997 онд Москвад байгуулсан “Хилийн дагуу Зэвсэгт хүчнүүдийн тоог багасгах тухай” хэлэлцэл, 1998 оны Алматагийн тунхаг, 1999 оны Бишкекийн, 2000 оны Душанбегийн уулзалтууд дээр манай улс нэг бус удаа төвийг сахисан байр сууриа илэрхийлж байсан байж. Дээр хэлсэнчлэн ШХАБ-ын тунхаг бичигт Үндэстнүүдийн Байгууллагуудын Хартиудын зарчмыг хатуу баримталдаг, тусгаар тогтнолыг хүндэтгэх, тусгаар улсууд биенийхээ хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан зөвшөөрөх ба хүндэтгэх, хүч үл хэрэглэх, адил тэгш харилцан ашигтай байхын тулд бүх асуудал хэлэлцээрийн аргаар ойлголцох цаг үе юм.

 Хөрш орнууд биенийхээ эсрэг цэргийн хүчээр түрэмгийлэхгүй байхыг уриалж ирсэн ШХАБ-ын үзэл санааг хүлээн  зөвшөөрөхөөс аргагүй юм шиг.

Энэ бол Монгол улсын хувьд итгэлцэл баймаар. ШХАБ-ын бараг бүх уулзалтуудын мэдээллүүдийг ажиглаад байхад ийм л бодол төрснийг нуух юун. Нэг жишээ дурдахад Москвагийн уулзалтын баримт бичигт хамтрагч улсуудын улс төр, худалдаа, эдийн засгийн, соёл, шинжлэх ухаан техник технологийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чухалчилж тэмдэглэсэн нь анхаарал татдаг. Хоёр том гүрний дунд оршдог газар зүйн эмзэг байрлалтай, аюулгүй байдлаа дан ганц цэргийн хүчээр сахин хамгаалах боломж маань юу билээ?!

 Эдийн засгийн хувьд сул дорой, далайд гарцгүй манай улсын хувьд ШХАБ-т элсэх нь буруу биш байх. ШХАБ-н тунхаг бичигт “Цэргийн бүлэглэлд үл оролцох гуравдагч улс руу бүс нутгууд руу цэрэг зэвсэг хэрэглэхийн эсрэг байх, гадаад тал руугаа нээлттэй, бусад сайн санааны олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай адил тэгш харилцан ашигтай хамтын ашигтай явуулна” гэжээ. Энэ заалт бол Монгол улсын 1994 онд баталсан Гадаад бодлогын үзэл баримтлалд дурдсан “Монгол улс нээлттэй эвсэл үл нээгдэх бодлого явуулна” гэсэн зарчимд нийцнэ. ШХАБ-ын гуравдагч орнуудын яриа хэлэлцээрт нэгдэн орсон орнууд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн эдгээр зорилго зорилтуудыг дэмждэг, хүлээн зөвшөөрдөг. Манайд ч ийм боломж өмнө маань байна. Монгол улсыг битүү шилэн хоргонд оруулах нь хэнд ашигтай вэ.

Шанхай найм транс үндэсний том бүтэц бүрдүүлж Казахстан, Хятад, ОХУ, Тажикстан, Киргиз, Узбекстантай хамтарч байснаар буруутаагүй. Харин энэ удаад Пакистан Энэтхэг хоёр нэгдэн орж байна.

Чухамхүү Энэтхэгийн далайгаас Атлантын далай хүртэлх дундын хил хязгаарын хэмжээ 34 сая хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамарсан Евразийн 60%-тай тэнцэх нутгуудад хяналт тавьдаг  ШХАБ-ын  уулзалт Хятадын Чиндаод эхэлж байгаа юм. Чиндаогийн уулзалтанд 60 гаруй ажил хэргийн уулзалт урьдчилан төлөвлөгдөөд байгаа юм. Дэлхий эдийн засгийн 5/1 нь одоо Шанхай наймын хамааралд байх болно. Нүсэр их зах зээл, бүс нутгийн аюулгүй байдал энд яригдана.

Мэдээж нефтийн баялагтай Катар улсыг эгнээнд элсүүлэх асуудал сөхөгдөж магад. Хятадын Чиндаод Шанхай наймд уулзахдаа энэ бүс хотын голцуу ахуй хэрэглээний цахилгаан таваар үйлдвэрлэдэг гайхамшгаа харуулахыг зорьж байгаа л болов уу. Ердөө 9 сая гаруй хүн амтай энэ бүс хотод ШХАБ хэд хоног чуулна. Энэ удаагийн уулзалтаар 20 гаруй баримт бичиг үзэглэх бололтой. Хамгийн гол 3 асуудал хөндөгдөж магад. Үүнд: Нэгд, урт хугацааны харилцан хамтын ажиллагаа. Сайн хөршийн итгэлцэлд анхааралд төвлөрүүлэх байх ба Шанхайн ирэх 3 жилийн хийх ажлын дараалал “нэг Хятад нэг бүс нутаг” бодлогын хүрээнд асуудал яригдах болов уу. Хоёрт, ШХАБ-ын олон улсын нэр хүндийг өсгөх, бүс нутгаас даяарчлалын байгууллага болох богино хугацааны бодлогуудыг ярих байх. Гуравт,Чиндао хотод одоо ид өрнөж байгааг дэлхийн хэвлэл мэдээллээр мэдээлж ШХАБ –ыг сурталчлах г.м.

Чиндаогийн усан боомт 100%ийн автоматчилагдсан, өдөрт 1000 гаруй усан онгоц бараа зөөж, нэмүү өртөг бүтээж, ачаа бараа эргэлтийг хүртээмжтэй түгээж байгааг харуулах давхар зорилготой болов уу?

ШХАБ-ын штаб нь БНХАУ нийслэл Бээжин хотод байрладаг ч чухам энэ бүс нутгийг Хятадууд онцолжээ.

Дашрамд хэлэхэд ШХАБ бол явцуу байгууллага биш юм шиг санагдаж байдаг юм даа. Хятадын Чиндао хот ногоон бүс агаад Хятадын Шар тэнгисийн эрэг дээр байрласан мундаг том далайн гарц. Чухам энэ гарцад Монгол улсын ирээдүйн гарцыг ч яриа болгохыг үгүйсгэхгүй.

10.06.2018

Рахметийн Сураган, Түүхэн ухааны доктор, МУСГ 



Сэтгэгдэл үлдээх:

2018-06-10 15:35:02

Зочин

Мундан бна Сураган ах. Амжилт хүсье!

2018-06-11 11:06:32

Энхболд. Өмнөговь

Энэ монгол улсын төлөө гэсэн сэтгэлтэй хүн болгон уншаарай.Сайн нийтлэл байна. Үргэлжлэл бий гэж хүлээж байна.Анддаа ажлын амжилт хүсье. Үг нь онч, бэх нь өтгөн, бийр нь зөөлөн байх болтугай.

2018-06-11 11:06:37

Энхболд. Өмнөговь

Энэ монгол улсын төлөө гэсэн сэтгэлтэй хүн болгон уншаарай.Сайн нийтлэл байна. Үргэлжлэл бий гэж хүлээж байна.Анддаа ажлын амжилт хүсье. Үг нь онч, бэх нь өтгөн, бийр нь зөөлөн байх болтугай.

2018-06-11 11:07:25

Энхболд. Өмнөговь

Энэ монгол улсын төлөө гэсэн сэтгэлтэй хүн болгон уншаарай.Сайн нийтлэл байна. Үргэлжлэл бий гэж хүлээж байна.Анддаа ажлын амжилт хүсье. Үг нь онч, бэх нь өтгөн, бийр нь зөөлөн байх болтугай.

2018-06-11 11:07:38

Энхболд. Өмнөговь

Энэ монгол улсын төлөө гэсэн сэтгэлтэй хүн болгон уншаарай.Сайн нийтлэл байна. Үргэлжлэл бий гэж хүлээж байна.Анддаа ажлын амжилт хүсье. Үг нь онч, бэх нь өтгөн, бийр нь зөөлөн байх болтугай.

2018-06-15 05:30:39

Арманбек

Жақсы сараптау. Өрелі адамғой Сұраш.


Илгээх